Бас нэг зүйл нь. Манай энэ хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний холбооны бас энэ малчин хоршоологчдыг та бодлогынхоо зүгээс сайн дэмжиж бас ажиллаарай. Энд мянга мянган хоршоологч нар, ялангуяа таны салбарт бас ажиллах гэж байгаа ийм улсууд байгаа. Эд бол зөвхөн эрх зүйн шинэчлэлтэй холбоотой асуудал, мөн одоо төрийн зүгээс бодлого, дэмжлэгт орох талаас бол одоо байнга хүсэлтийг ирүүлж байдаг. Энэ тал дээр та бас сайн бодож тунгааж өөрийнхөө ажлын төлөвлөгөөнд бас тусгаж ажиллаарай гэдгийг хүсч байна. Тэгээд танд амжилт хүсье. Баярлалаа.

М. Энхболд: - Д. Сумъяабазар гишүүн үг хэллээ. 5 минутын дараа санал хураана. Гишүүд танхимдаа ирье. Ж. Батзандан гишүүн асуулт асууж, үг хэлнэ.

Ж. Батзандан: - Пүрэвийн Сэргэлэнг Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын албан тушаалд томилохоор оруулж ирж байна.

Нэр дэвшигчийн намтар түүхтэй танилцлаа. Хөдөө аж ахуйн салбарын мэргэжилтэй хүн байна. Боловсрол мэдлэгээ Америкийн Нэгдсэн Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсад бас дээшлүүлсэн гэж дурдсан байна. Ер нь П. Сэргэлэнг гуайг би Уяачдын холбооны нарийн бичгийн дарга гэдгээр нь, морь малтай ойрхон байдаг гэдгээр нь танина. Тэгэхээр бас энэ салбарын хүн сайдад нэр дэвшиж байгаа нь бол бас мэргэжлийн Засгийн газар байгуулна гэдэг зорилго, зорилттой нь бодвол нийцэж байгаа юм байна гэж ойлголоо.

НЕ нашли? Не то? Что вы ищете?

Тэгэхээр хөдөө аж ахуйн салбарт тулгамдаж байгаа хэд хэдэн асуудал бий. Монгол Улсын эдийн засаг 2012 онд 17.0 хувийн өсөлттэй байсан. Сүүлийн 4 жил навс уначихлаа гэж зарим хүмүүс яриад байгаа. Яагаад унасан бэ гэдгийг эрхэм сайдад нэр дэвшигч бодитойгоор хараарай гэж би хэлмээр байна.

Дэлхийн эдийн засгийн уналтаас, дэлхийн эдийн засгийн хямралаас хэдэн хувь нь шалтгаалсан байна вэ гэдгийг нэг хараарай. Өмнөх Засгийн газрын бодлогын алдаанаас хэдэн хувь нь хамаарч вэ гэдгийг бас бодитойгоор хараарай. Үе үеийн Засгийн газрууд Монголоо хорлоё гэдэг бодлоготой Засгийн газар нэг ч байгаагүй гэж би боддог. Энэ Засгийн газарт ч гэсэн тийм бодлого байхгүй байхаа гэж би ойлгож байгаа.

Аливаа Засгийн газар бол өмнөх Засгийн газрынхаа бодлогын алдааг нь засч, бодлогын сайн талыг үргэлжлүүлэх ёстой. Өмнөх Засгийн газрын үед 2 том зүйл хөдөө аж ахуйн салбарт хийгдсэн. Энийг би хэлэх ёстой. Нэгдүгээрт, хөдөө аж ахуйн биржийг байгуулж чадсан. Анх удаа хөдөө аж ахуйн бараа бүтээгдэхүүнийг зах зээлийн зарчмаар борлуулах, малчдад туслах энэ тогтолцоог бүрдүүлж чадсан байгаа. Энийг үргэлжлүүлэх ёстой гэдгийг танд захиж хэлмээр байна.

Хоёрдугаарт, Малын индексжүүлсэн даатгалын тухай хуулийг өнгөрсөн парламентаар баталж гаргасан. Энэ хуулийг батлан гаргахын тулд Улсын Их Хурал 2 жил ноцолдож байж, олон улсын байгууллагын зөвлөгөөг авч байж батлан гаргасан байгаа. Тэгэхээр энэ хуулийн хэрэгжилт дээр онцгойлон анхаараарай гэж би захиж хэлэхийг хүсч байна.

Хүнс, хөнгөн үйлдвэр бас танд хамаарагдаж байгаа. Яг одоогийн байдлаар Монгол Улс нийт хэрэглээнийхээ 80 хувийг гаднаас импортлон авч байна гэсэн ийм мэдээлэл статистикийн төв газраас ирж байгаа.

Бидний зорилго бол тогтвортой хөгжлийн бодлогод тавьсан ирэх 10 жилийн зорилго бол энэ 80 хувийг 40 хувь руу л оруулах зорилготой юм байгаа юм. 56 сая малтай хэрнээ жилдээ 56.0 тэрбум төгрөгийн сүү, сүүн бүтээгдэхүүнийг импортоор авч хэрэглэж байна гэж байгаа. Энийг ирэх 4 жил 20.0 тэрбум болгож хувиргахын төлөө л Засгийн газар ажиллах ёстой гэж бид харж байгаа. Тэгэхээр танай, таны нэр дэвшүүлж байгаа намын мөрийн хөтөлбөр тогтвортой хөгжлийн урт хугацааны бодлого гэж энэ том бодлогын ном, баримт бичиг өнгөрсөн 4 жилд батлагдан гарсан байгаа. Энэ 2 бодлогын баримт бичгээ гартаа бариад ажиллаарай гэж хэлье.

Дээрээс нь онцгойлон захиж хэлэх хэдэн зүйл байна. Малчдын нийгэм, соёлын асуудалд анхаарлаа хандуулаарай. 1990 онд мал хувьчилсан. Гэхдээ малчдынхаа нийгэм, соёлын асуудлыг үе үеийн Засгийн газар үндсэндээ хаясан. Малчдын эмнэлгийн үйлчилгээний асуудал, соёлын үйлчилгээний асуудал орхигдсон. Явуулын соёлын үйлчилгээ гэж дээхэн үед байдаг байсан. Явуулын үсчин, явуулын халуун ус гээд хэдхэн жилийн өмнө үйлчилгээ үзүүлдэг байсан юм. Одоо энэ явуулын үйлчилгээнүүдийг сэргээх ёстой гэж хэлмээр байна.

Малчдын хүүхдүүдийн боловсролын асуудлыг онцгойлон анхаарахыг бас энэ дашрамд хэлэхийг хүсч байна. Малчдын хүүхдүүдэд улсаас, улсын их дээд сургуулиудад тусгай хуваариудыг гаргаж өгдөг байсан. Энийг сэргээх ёстой. Малчны хүүхэд 40 мянгатын хүүхэд хоёр өрсөлдөх ямар ч боломжгүй. Адилхан босго тавих юм бол өрсөлдөх ямар ч боломжгүй. Тийм учраас малчдын хүүхдийг бодлогоор дэмжих ёстой гэдгийг танд хэлмээр байна. Ингээд цаашид таныг томилогдсоны дараа бодлогын олон асуудал дээр хамтран ажиллах болно. Дэмжиж байгаагаа илэрхийлье.

М. Энхболд: - Ж. Батзандан гишүүн үг хэллээ. Гишүүд асуулт асууж, үг хэлж дууслаа. Одоо санал хураалт явагдана.

Байнгын хорооноос гаргасан саналын дагуу Монгол Улсын Засгийн газрын гишүүн – Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар Пүрэвийн Сэргэлэнг томилох саналыг дэмжье гэсэн томьёоллоор санал хураалт. Санал хураалт явагдаж байна.

58 гишүүн оролцож, 56 гишүүн дэмжиж, 96.6 хувийн саналаар санал дэмжигдлээ.

За одоо энэ асуудлаа хэлэлцэж дуустал цагаа сунгачихъя гэж бодож байна.

Монгол Улсын Засгийн газрын гишүүн – Барилга, хот байгуулалтын сайдыг томилох тухай асуудал

Монгол Улсын Засгийн газрын гишүүн - Барилга, хот байгуулалтын сайдад нэр дэвшигчийг хэлэлцэж эхэлье. Нэр дэвшигчийн талаар гаргасан Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн, Байнгын хороон дарга Д. Тэрбишдагва танилцуулна. Д. Тэрбишдагва даргыг индэрт урьж байна.

Д. Тэрбишдагва: - Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ,

Монгол Улсын Засгийн газрын гишүүн – Барилга, хот байгуулалтын сайдаар Гомбосүрэнгийн Мөнхбаярыг томилуулах саналаа Монгол Улсын Ерөнхий сайд 2016 оны 7 дугаар сарын 29-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлснийг Эдийн засгийн байнгын хороо Улсын Их Хурлын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.6, Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.6 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн 2016 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн хуралдаанаар хэлэлцээд Ерөнхий сайдын саналыг хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэй дэмжлээ.

Г. Мөнхбаяр нь 1964 онд Ховд аймагт төрсөн. 1989 онд Уралын политехникийн дээд сургуулийг барилгын инженер мэргэжлээр төгссөн. Барилга, дулаан хангамжийн мастер, Монгол Улсын зөвлөх инженерийн зэрэгтэй.

Тэрээр 1989-1990 онд Нийтийн ахуйн үйлчилгээний яамны Туршилт, тохируулгын ангид инженер, 1990-1991 онд Найрамдлын районы 6 дугаар конторт инженер, ерөнхий инженер, дарга, 2004-2007 онд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд ерөнхий менежер, 2007-2008 онд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, 2008-2012 онд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, 2012-2016 онд Нийслэлийн иргэдийн Хурлын төлөөлөгчөөр тус тус ажиллаж ирсэн байна.

Хуралдааны явцад Улсын Их Хурлын гишүүн Х. Болорчулуун аймаг, нийслэлд олон барилга зогссон, барилгын салбар хямарснаас арилжааны банк давхар хямралд орчихоод байгааг анхаарах, мөн төрийн орон сууцны корпорацийг байгуулж, төр бизнесийн үйл ажиллагаанд оролцож байгааг зогсоох, орон нутагт амины орон сууц барих асуудлыг дэмжих, гишүүн М. Оюунчимэг гэр хорооллын дахин төлөвлөлтийн талаар өмнө эхлүүлсэн ажлыг үргэлжлүүлэх зэрэг санал гаргаж байсан болно.

Нэр дэвшигчийн анкет, тогтоолын төсөл, холбогдох бусад материалыг Та бүхэнд тараасан.

Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,

Монгол Улсын Засгийн газрын гишүүн – Барилга, хот байгуулалтын сайдад Гомбосүрэнгийн Мөнхбаярыг нэр дэвшүүлэх асуудлаар тус Байнгын хорооноос гаргасан санал, дүгнэлтийг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг хүсье.

Анхаарал тавьсанд баярлалаа.

М. Энхболд: - За баярлалаа. Байнгын хорооны санал, дүгнэлт болон Ерөнхий сайд, нэр дэвшигчээс асуулт асууж, үг хэлэх гишүүд байвал нэрсээ өгье. Б. Батзориг гишүүнээр тасаллаа.

Үг хэлж эхлэхийн өмнө энд нэг мэндчилгээ байна. 7 дугаар сарын 28-ны өдөр Улсын Их Хурлын гишүүн Содномзундуйн Эрдэнэ төрсөн юм байна. С. Эрдэнэ гишүүнд Улсын Их Хурлын нийт гишүүдийн өмнөөс болон хувиасаа төрсөн өдрийн баярын мэнд хүргэе. Эрүүл энх, аз жаргал, сайн сайхныг хүсэн ерөөе. /Алга ташив/

Ж. Ганбаатар гишүүн асуулт асууж, үг хэлье.

Ж. Ганбаатар: - За баярлалаа. Барилга, хот байгуулалтын сайдад нэр дэвшиж байгаа Гомбосүрэнгийн Мөнхбаяр танд амжилт хүсье.

Из за большого объема этот материал размещен на нескольких страницах:
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41