Тэгээд ипотекийн зээлийг үргэлжлүүлэх хэрэгтэй. Бидний мөрийн хөтөлбөрт бас одоо 4-өөс дээш ам бүлтэй өрхийг одоо орон сууцжуулна гэсэн ийм мөрийн хөтөлбөр орсон. Мөн одоо сургуулийг одоо 3 ээлжээс болиулна гэсэн. Гэхдээ бид одоо энэ ирэх жилд маш олон сургууль цэцэрлэгүүдийг барих ёстой. Тэгээд тэрийг төлөвлөх, зураг төслийг нь гаргах асуудлыг бас одоо ханцуй шамлан ороорой гэж бодож байна. Тэгээд танд амжилт хүсье. Баярлалаа.

М. Энхболд: - Б. Батзориг гишүүн үг хэллээ. 5 минутын дараа санал хураалт явагдана. Гишүүд танхимд ирье. С. Эрдэнэ гишүүн асуулт тавьж, үг хэлнэ.

С. Эрдэнэ: - За ихэнхи асуудлуудыг гишүүд ярьчихлаа. Тэгээд би товчхон бас ганц нэгэн асуудлыг яръя гэж бодож байна.

Өнөөдөр барилга, хот байгуулалтын салбар бол маш том салбар. Өнөөдөр энэ Монголын эдийн засагт гол чухал үүрэг гүйцэтгэж байгаа ийм салбар. Тэгэхээр өнөөдөр энэ аливаа асуудалд бид бас өмнөх хойдохдоо бас авч гээхийн ухаанаар хандаж асуудлыг бас бодит үнэнээр ярих ёстой.

Өнгөрсөн 4 жилийн хувьд бол Ардчилсан Намын үед энэ эвслийн Засгийн газар гээд, тэр үеийн Монгол Ардын Нам ч тэр, Монгол Ардын Хувьсгалт Нам ч тэр хамтраад энэ 4 жилийг бас урт богино хугацаагаар хамтарч энэ 4 жилийг өнгөрүүлсэн.

НЕ нашли? Не то? Что вы ищете?

Тухайн үед бас Д. Цогтбаатар өнөөдөр гишүүн. Барилга, хот байгуулалтын сайдыг бас тодорхой хугацаанд удирдаж байсан. Бид өнгөрсөн 4 жилийг бас дандаа хараар будаж болохгүй. Өнөөдөр ард түмэн тэртээ тэргүй л харж байгаа. Өнгөрсөн 4 жил бол бүтээн байгуулалт, барилга, бүтээн байгуулалтын хувьд бол асар их амжилт олсон жилүүд байсан гэдгийг бол хэн ч маргахгүй. Нэг үгээр хэлбэл өнгөрсөн 4 жил үндсэндээ 80 гаруй мянган айл өрх ипотекийн зээлд хамарч орон сууцтай болсон. Мөн төдий тооны, түүнээс ч илүү олон мянган барилгын салбарт ажиллаж байгаа инженер, техникийн ажилчид ажилтай, орлоготой байсан гээд ярих юм бол, сайн үр дүнг нь ярих юм бол олон зүйлийг ярьж болно.

Өнөөдөр харсаар байтал чинь Улаанбаатар хотын өнгө төрх, аймгуудын төвийн өнгө төрх, тэр битгий хэл зарим төв суурин газар, сумын төвийн өнгө төрх бол нүдэн дээр илт өөрчлөгдөж бүтээн байгуулалтын томоохон ажлууд хийгдсэн гэдгийг хэн ч маргахгүй. Тэгэхээр ийм илт юм нь дээр одоо бас улс төр хийж, үгүйсгэхийн тулд үгүйсгэж аливаа асуудлыг яримааргүй байна.

Ер нь 4 жил одоо тэр үед сөрөг хүчин байсан манай өнөөдрийн энд олонхи болчихоод байгаа нөхдүүд маань харлуулахын дээдээр харлуулж, үгүйсгэхийн дээдээр үгүйсгэж, одоо шүүмжлэхийн дээдээр шүүмжилсэн шүү дээ. Одоо болоо юм биш үү. Ер нь тэгээд яасан ч дуусдаггүй гомдол санал байдаг юм. Яасан ч дуусдаггүй одоо гүтгэлэг, дайралт байдаг юм. Энэ юмаа одоо зогсоогоод урдахаа хараад, урагшаа харж ажиллавал яасан юм бэ гэсэн ийм саналыг хэлмээр байна.

Зүгээр өмнөх түүхийг ярих юм бол өчнөөн л олон хар түүхийг ярьж болно доо. Тийм. Ер нь тэгээд Улаанбаатар хотын барилгажилтын асуудал, хот байгуулалтын асуудал, Улаанбаатар хот ямар хот байж байгаад өнөөдөр ямар хот болсон билээ. Бодит үнэнийг бол хэн ч үгүйсгэж чадахгүй шүү дээ. Тийм. Тэгээд ийм илт юм нь дээр бид нар бие бие рүүгээ дайраад улс төр хийгээд байх шаардлага байна уу, үгүй юу.

Одоо эрх барьж байгаа олонхи болсон та нарт юу дутуу байгаа юм бэ. 65-уулаа хэт олонхи болчихсон. Одоо тэгээд юу л хийе гэвэл дураараа хийх бүх боломж чинь байна шүү дээ. Бид яах вэ дээ шүүмжилнэ л биз. Өөр яадаг юм. Тийм.

Би эртээд бас хэлсэн шүү дээ. Яг энэ хэмжээгээр та нар эргээд хариуцлага хүлээнэ шүү. Энэ хэмжээгээр. Тэгэхээр хариуцлагаа, ардаа ирэх хариуцлагаа асар сайн бодож, дааж энэ асуудалдаа хандаарай. Хэт олонхи гэдэг бол бас цөөнхөөс долоон доор байдаг шүү. Яг ний нуугүй хэлэхэд. Тийм учраас энэ дээрээ манай олонхийнхон бас жаахан бодож хандаарай.

За Г. Мөнхбаяр даргын хувьд бол би мэднэ. Хамт ажиллаж байсан. Олон жил бас энэ Улаанбаатар хотын ажил амьдралыг бас үүрэлцэж хамтарч ажиллаж байсан хүний хувьд бол би Г. Мөнхбаяр даргыг өнөөдөр энд нэр дэвшиж орж ирж байгаад бол үнэхээр бас дэмжиж байна.

Үнэхээр энэ хүний хувьд бол одоо энэ Улаанбаатар хотын бүхий л жаргал зовлонг аль алиныг туулсандаа ер нь бол. Нийтийн аж ахуй, үйлчилгээнээс нь эхлүүлээд ажилласан. Энэ Улаанбаатар хотын хог шороо, болсон болоогүй бүхий зүйлийг одоо өөрөө зууралдаж явсан хүний хувьд мэднэ.

Тэгэхээр би бол энэ Г. Мөнхбаяр даргын хувьд бол харин ч өнөөдөр энэ мэргэжлийн гээд байгаа Засгийн газар дотор цорын ганц мэргэжлийн хүн ороод ирчихлээ гэж би харж байгаа. Тийм учраас би Г. Мөнхбаяр даргыг дэмжиж байна. Тэгээд хот байгуулалтынхаа асуудалд анхаараарай. Урд өмнөх хийсэн сайн зүйлүүдийг уламжилж улам илүү өргөн хүрээнд хийгээрэй. Мэдээж алдаа дутагдал байсан. Тэр юмнуудыг засаарай.

Гэр хорооллын дахин төлөвлөлт бол яриад байгаа шиг тийм муу зүйл биш шүү. Гэр хорооллын дахин төлөвлөлтийг хийх ёстой. Улам сайжруулах ёстой. Гэр хорооллын айл өрхүүдийг орон сууцжуулах, амины орон сууц болгож хувиргах, гэр хорооллыг одоо дэд бүтцээр иж бүрэн хангах энэ асуудлыг шийдэхгүйгээр энэ Улаанбаатар, цаашлах юм бол Монгол Улсын хөгжлийг бол ярих ямар ч боломжгүй шүү гэдгийг Г. Мөнхбаяр дарга өөрөө мэдэхийн дээдээр мэдэж байгаа. Тийм учраас одоо танд амжилт хүсье.

Нэн тэргүүнд гэр хорооллын дахин төлөвлөлт, гэр хорооллын дэд бүтцийн асуудлыг шийдэх тал дээр бодит алхам хийгээрэй гэж танд хүсье. Амжилт хүсье танд.

М. Энхболд: - С. Эрдэнэ гишүүн үг хэллээ. Гишүүд асуулт асууж, үг хэлж дууслаа. Одоо санал хураалт явагдана. Байнгын хорооноос гаргасан саналын дагуу Монгол Улсын Засгийн газрын гишүүн – Барилга, хот байгуулалтын сайдаар Гомбосүрэнгийн Мөнхбаярыг томилох саналыг дэмжье гэсэн томьёоллоор санал хураалт. Санал хураалт явагдаж байна.

56 гишүүн санал хураалтад оролцож, 51 гишүүн зөвшөөрч, 91.1 хувиар санал дэмжигдлээ.

Монгол Улсын Засгийн газрын гишүүн – Эрүүл мэндийн сайдыг томилох тухай асуудал

Одоо Монгол Улсын Засгийн газрын гишүүн - Эрүүл мэндийн сайдад нэр дэвшигчийг хэлэлцэж эхэлье. Нэр дэвшигчийн талаар Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос гаргасан санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ё. Баатарбилэг танилцуулна. Ё. Баатарбилэг гишүүнийг индэрт урьж байна.

Ё. Баатарбилэг: - Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ,

Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу Монгол Улсын Ерөнхий сайд Ж. Эрдэнэбат Монгол Улсын Засгийн газрын гишүүн - Эрүүл мэндийн сайдаар Аюушийн Цогцэцэгийг томилуулах саналыг 2016 оны 7 дугаар сарын 29-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн билээ.

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.6, Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.5, 37.6 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо 2016 оны 7 дугаар сарын 29-ний хуралдаанаараа Ерөнхий сайдын дээрхи саналыг хэлэлцлээ.

Эрүүл мэндийн сайдад нэр дэвшигч Аюушийн Цогцэцэг нь 1980 онд Архангай аймгийн Цэцэрлэг хотын 10 жилийн дунд сургуулийг, 1986 онд Анагаах ухааны дээд сургуулийг хүний их эмч мэргэжлээр, 2001 онд Удирдлагын академийг төрийн удирдлагын арга зүйч мэргэжлээр тус тус төгссөн. 1988, 1992, 1997 онд Анагаах ухааны дээд сургуулийн Арьс өнгөний өвчин судлалын тэнхимд арьсны эмгэг эс судлаач эмч мэргэжлээр, 2006, 2012 онуудад Бүгд Найрамдах Солонгос Улсад гоо засалч эмчийн болон эрүүл мэндийн даатгалын тогтолцоог боловсронгуй болгох чиглэлээр, 2014 онд Хонконг Улсад эрүүл мэндийн засаглалын чиглэлээр, 2015 онд Анагаахын шинжлэх ухааны их сургуульд эмнэлгийн менежерийн чиглэлээр тус тус мэргэжил дээшлүүлсэн. 2009 онд Оросын Холбооны Улсын Москва хотын Арьс өнгөний эрдэм шинжилгээний институтийн аспирантурт суралцаж анагаах ухааны докторын зэрэг хамгаалсан. Клиникийн профессор. Монгол Улсын зөвлөх зэргийн эмч.

А. Цогцэцэг нь 1986-1988 онд Арьс өнгөний эмгэг судлалын үндэсний төвд их эмч, 1988-2003 онд тус төвд тасгийн эрхлэгч, 2003 оноос одоог хүртэл Арьсны өвчин судлалын үндэсний төвийн ерөнхий захирлаар тус тус ажиллаж байна.

Байнгын хорооны хуралдааны үед Улсын Их Хурлын гишүүн Д. Сарангэрэл Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх нэг цэгийн үйлчилгээг бий болгох, эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалт, шинээр баригдаж байгаа болон засвар хийгдэж байгаа эмнэлгийн барилга байгууламжийн санхүүжилтийг шийдвэрлэхэд анхаарах, Эрүүл мэндийн даатгалын сангаас элэгний В, С вирусын эсрэг эмийн тодорхой хувийг хөнгөлөх эрх зүйн орчинг бий болгох, зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтыг шинэчлэх, эмийн чанар, аюулгүй байдлыг хангах зорилготой Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийг шинэчлэн өргөн мэдүүлэх, Улсын Их Хурлын гишүүн Ё. Баатарбилэг эрүүл мэндийн салбарын эмч, ажилчдын нийгмийн асуудал, цалин хөлс, урамшууллыг үе шаттай нэмэгдүүлэхэд анхаарах, хөдөө орон нутагт ажилладаг залуу эмч, эмнэлгийн ажилтнуудын нийгмийн баталгааг сайжруулах, Улсын Их Хурлын гишүүн А. Ундраа төр болон хувийн хэвшлийн эмнэлгүүдийн хамтын ажиллагааг сайжруулах, эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилттэй уялдуулан дэмжлэг үзүүлэх, Улсын Их Хурлын гишүүн Д. Гантулга оюутнуудад эрүүл мэндийн тусламж үйлчилгээг харьяалал харгалзахгүй үзүүлэх, эрүүл мэндийн боловсрол олгох хөтөлбөр хэрэгжүүлэх, Монгол Улсад оношилж, эмчлэх боломжгүй өвчний жагсаалтыг шинэчлэх, иргэдэд мэдээлэх, Улсын Их Хурлын гишүүн Б. Баттөмөр эрүүл мэндийн салбарын шинэчлэлийг эхлүүлэх, хоёр дахь шатлалын эмнэлгийн үйлчилгээг сайжруулах, эмийн сангийн хүртээмжийг нэмэгдүүлэх, эмийн хэрэглээг зохистой болгох, Улсын Их Хурлын гишүүн Н. Учрал дүүргийн өрхийн эмнэлгийн эмч, ажилтнуудын цалин хөлс, урамшууллыг нэмэгдүүлэх, тоног төхөөрөмжийг сайжруулахад анхаарах, Улсын Их Хурлын гишүүн С. Чинзориг, өндөр өртөгтэй мэс заслын тусламж үйлчилгээг эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэх, Улсын Их Хурлын гишүүн Л. Энх-Амгалан Эрүүл мэндийн даатгалын тухай хууль, Эмийн талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай Улсын Их Хурлын тогтоолыг хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлэх, Эрүүгийн тухай хуульд эмч нарын хариуцлагын талаар туссан заалтад өөрчлөлт оруулах төслийг яаралтай Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх, хөдөө орон нутгийн эмч нарт лиценз олгох асуудлыг ажлын байран дээр нь шийддэг болох, өрх, багийн эмч, эмнэлгийн ажилтнуудад өндөр насны тэтгэвэр тогтоолгоход олгодог нэг удаагийн буцалтгүй тусламжийг адил тэгш олгох эрх зүйн орчинг бий болгоход анхаарах нь зүйтэй гэсэн саналуудыг тус тус гаргасан болно.

Из за большого объема этот материал размещен на нескольких страницах:
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41