За тэгвэл өнөөдрөөс эхлээд ажлын 3 хоногийн хугацаанд Ардчилсан намын бүлэгт Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүнийг чөлөөлөх, томилох тухай асуудлаар завсарлага өглөө. /01:23/
Гурав. Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчийг томилох тухай асуудал
Одоо дараагийн асуудалдаа оръё. Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчийг томилох тухай асуудлыг хэлэлцэж эхэлье. Монголбанкны Ерөнхийлөгч Н. Баяртсайхан Төв банк /Монголбанк/-ны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.6 дахь хэсгийг үндэслэн Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгч томилох тухай саналыг танилцуулна.
Ерөнхийлөгч Н. Баяртсайханыг индэрт урьж байна.
Н. Баяртсайхан: - Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ,
Монголбанкны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь заалтыг үндэслэн Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр Очирхүүгийн Эрдэмбилэгийг томилуулах саналыг Улсын Их Хуралд өргөн мэдүүлж байна.
О. Эрдэмбилэг нь 1976 онд Улаанбаатар хотод төрсөн, 1994-1998 онд Монгол Улсын Их Сургуулийг эдийн засаг, санхүүч мэргэжлээр төгсөж, улмаар 2000-2002 онд Австралийн Улсын их сургуульд хөгжлийн эдийн засгийн чиглэлээр мастерын зэрэг хамгаалжээ.
Тэрээр 1998-2007 онд Сангийн яаманд газар, хэлтсийн мэргэжилтэн, дарга, 2007-2013 онд Олон Улсын Валютын Санд улс хариуцсан эдийн засагч, ахлах эдийн засагч, 2013-2014 онд Ньюком группт зөвлөх, 2014 оноос Голомт банкны Тэргүүн дэд захирал, төлөөлөн удирдах зөвлөлийн даргын зөвлөхөөр тус тус ажиллаж иржээ.
Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр О. Эрдэмбилэгийг томилуулах саналыг Их Хуралд өргөн мэдүүлэхдээ түүний эдийн засаг, банк, санхүү, удирдлагын мэдлэг, мэргэшлийн ур чадвар, ёс зүй, ажлын дадлага туршлагыг харгалзан үзсэн болно.
Очирхүүгийн Эрдэмбилэгийг Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр томилуулах саналыг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг Улсын Их Хурлаас хүсье. Баярлалаа.
М. Энхболд: - За баярлалаа. Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчийг томилох талаар гаргасан эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б. Жавхлан танилцуулна. Б. Жавхлан гишүүнийг индэрт урьж байна.
Б. Жавхлан: - Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ,
Төв банкны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасны дагуу Монголбанкны Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр Очирхүүгийн Эрдэмбилэгийг томилуулах саналыг Эдийн засгийн байнгын хорооны 2016 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн хуралдаанаар хэлэлцээд Монголбанкны Ерөнхийлөгчийн саналыг дэмжсэн санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжлээ.
О. Эрдэмбилэг нь 1976 онд Улаанбаатар хотод төрсөн. 1994-1998 онд Монгол Улсын Их Сургуулийг эдийн засаг, санхүүч мэргэжлээр төгсөж, улмаар 2000-2002 онд Австралийн Улсын их сургуульд хөгжлийн эдийн засгийн мастер хамгаалжээ.
Тэрээр 1998-2007 онд Сангийн яаманд газар, хэлтсийн дарга, мэргэжилтэн, 2004-2005 онд Монгол Улсын Их Сургуульд баг, 2007-2013 онд Олон улсын валютын санд улс хариуцсан эдийн засагч, ахлах эдийн засагч, 2013-2014 онд Ньюком группэд зөвлөх, 2014 оноос Голомт банкны Тэргүүн дэд захирал, төлөөлөн удирдах зөвлөлийн даргын зөвлөхөөр тус тус ажиллаж иржээ.
О. Эрдэмбилэг нь Төв банкны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаж байгаа болно.
Хэлэлцүүлгийн явцад Улсын Их Хурлын гишүүн Д. Сумъяабазар барилгын салбараас үүдэлтэй банкны хямралыг арилгах, арилжааны банкуудад тэгш хандах зэрэг саналуудыг гаргаж байсан болно.
Нэр дэвшигчийн анкет, тогтоолын төсөл болон холбогдох бусад материалыг Та бүхэнд тараасан байгаа.
Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,
Очирхүүгийн Эрдэмбилэгийг Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр томилох асуудлаар Эдийн засгийн байнгын хорооноос гаргасан санал, дүгнэлтийг хэлэлцэн шийдвэрлэж, тогтоолын төслийг баталж өгөхийг Та бүхнээс хүсье.
Анхаарал тавьсан явдалд баярлалаа.
М. Энхболд: - Б. Жавхлан гишүүнд баярлалаа. Монголбанкны Ерөнхийлөгчийн санал. Байнгын хорооны санал, дүгнэлт, түүнчлэн нэр дэвшигчээс асуулт асуух гишүүд нэрсээ өгье. Б. Ундармаа гишүүнээр тасаллаа. Ж. Энхбаяр гишүүн асуултаа тавъя.
Ж. Энхбаяр: - Монголбанкны Ерөнхийлөгчөөс асуулт байна. Монгол Улсын валютын цэвэр нөөц хэд байна вэ? Нэр дэвшигчээс асууя. Сүүлийн 4 жил Монгол Улсын мөнгөний бодлого болон төсвийн бодлого дандаа зөрж салж уялдаж явж ирсэнгүй. Үүнтэй холбоотойгоор Монголбанкны үндсэн үүрэг болсон Монгол төгрөгийн худалдан авах чадварыг хадгалах, Монгол төгрөгийн ханшийг хамгаалах дүрмийн дагуу заагдсан нэг номерын үүргийг биелүүлж чадсангүй.
Тэгэхээр та Монгол Улсын мөнгөний бодлого болон төсвийн бодлогыг хэрхэн уялдуулах ёстой вэ гэж бодож байна вэ? Энүүгээрээ та мэргэжлийнхээ байр суурийг илэрхийлнэ үү гэж.
Гурав. Хятадын Чайна банкнаас авсан своп хэлэлцээрээр авсан эх үүсвэр үндсэндээ гадаад худалдаанд зарцуулах ёстой байсан бол Монгол Улсын нөөцөд үндсэндээ ашиглагдаад дуусч байна вэ? Энэ бодлогыг хэрхэн залруулж зохистой авч хэрэгжих вэ?
Дөрөв. Өнөөдрийн арилжааны банкуудад байгаа Монголбанкнаас хэрэгжүүлж байсан тэгш бус байдлыг хэрхэн өрсөлдөөний зөв зах зээлийн журамд нь шилжүүлэх вэ? Үндсэндээ Монгол Улсын Төв банк өөрөө арилжааны банкуудын өмнө үүрэг хүлээж улс төрийн олон шийдлийг гаргаж байсныг бид мэднэ. Үүнд дурдвал үнэ тогтворжуулах хөтөлбөр, мах хөтөлбөр, гурил хөтөлбөр, нефть шатахуун хөтөлбөр гээд арилжааны банк өөрийн үүрэгт ногдсоноос гадуурх олон ажлыг хийж бизнесийн тэгш бус байдалд хүчтэй нөлөөлж ирсэн. Энэ зүйлийг та хэрхэн ойлгож байна вэ?
Эцэст нь Монголбанкнаас хэрэгжүүлсэн энэ хөтөлбөрүүдийн зарцуулалт, тайланг Улсын Их Хуралд хэзээ оруулж ирэх вэ гэдэг асуултыг Монголбанкны Ерөнхийлөгчөөс асууж байна.
М. Энхболд: - Эхлээд Монголбанкны Ерөнхийлөгч Н. Баяртсайхан хариулъя. Дараа нь нэр дэвшигч хариулъя. 80 дугаар микрофон.
Н. Баяртсайхан: - За баярлалаа. Хоёр асуулт тавилаа гэж ойлголоо. Монголбанкнаас хэрэгжүүлсэн хөтөлбөрүүд, за тэгээд валютын цэвэр нөөцтэй холбоотой ийм асуулт асуулаа. Монголбанкнаас 2012-2016 онуудад үнэ тогтворжуулах хөтөлбөр 8 хувийн орон сууцны зээл, дотоодын компаниудын үнэт цаас худалдан авах зэрэг үйл ажиллагаагаар ойролцоогоор 7 их наяд төгрөгийг эдийн засагт нийлүүлсэн байгаа юм.
Ийм их хэмжээний мөнгийг эдийн засагт нийлүүлсэн учраас америк долларын ханшид тодорхой хэмжээний дарамт одоо мэдрэгдэж байна. Америк долларын ханшийг тогтворжуулахын тулд жил болгон ихээхэн хэмжээний мөнгийг, одоо валютыг зах зээл дээр гаргаж нийлүүлж байсан. Тухайлбал 2013 онд 2 тэрбум америк доллар, 2014 онд 2.6 тэрбум америк доллар, 2015 онд 1.3 тэрбум америк долларыг валютын зах зээл дээр гаргаж нийлүүлсэн байгаа юм.
Ийм их хэмжээний валютыг одоо гаргаж худалдаалж, нийлүүлж байсан учраас Монгол Улсын гадаад валютын нөөц жилээс жилд доошилж ирсэн байна. Яг өнөөдрийн байдлаар гадаад валютын нөөц 1.2 тэрбум америк доллар гэж данс дээр тусгагдсан байгаа. Гэхдээ Хятадын Ардын банктай байгуулсан своп хэлэлцээрээр нийтдээ 1.6 тэрбум америк доллартай тэнцэх хэмжээний юань төгрөгийн своп хийгдэж энэ дүнг оруулаад тооцох юм бол өнөөдөр Монгол Улсын гадаадын валютын цэвэр нөөц хасах 429.0 сая америк доллартай тэнцэж байна.
Гадаад валютын позиц хасах 1.3 тэрбум америк доллар гэсэн ийм дүн Монголбанкны баланс дээр одоо гарчихаад явж байгаа. Тэгэхээр эндээс харахад байдал ямар байгаа нь ойлгогдож байгаа байх. Ерөнхийдөө тэр Хятадын Ардын банктай байгуулсан своп гэрээ, за бусад авсан зээл энэ бүгдийгээ оруулаад тооцох юм бол хасах 1.3 тэрбум америк долларын өр төлбөртэй гэж хэлж болохоор байдал харагдаж байгаа юм. За баярлалаа.
М. Энхболд: - Нэр дэвшигч О. Эрдэмбилэг асуултад хариулъя.
О. Эрдэмбилэг: - Эрхэм гишүүний асуултад хариулъя. Нэгдүгээр асуулт нь энэ мөнгөний бодлого, төсвийн бодлогын уялдаа холбоог асуусан байгаа. Тэгээд ерөнхийдөө улс орнууд бол янз бүрийн туршлага байгаа. Эхнийх нь бол юу вэ гэхээр ерөнхийдөө макро эдийн засгийн бодлого миний туршлагаар бол юу байдаг вэ гэхээр бодит сектороосоо эхлээд төсвийнхөө бодлогыг тодорхойлоод тэгээд төлбөрийнхөө балансаар төсөөллөө гаргаад тэгээд тэрнийхээ дараа мөнгөнийхөө бодлогоор макро эдийн засгийнхаа бодлогыг хаадаг. Тэр агуулгаараа бол ерөнхийдөө улс орнуудын туршлага юу вэ гэхээр зэрэг төсвөө бол Улсын Их Хурал нь юм уу, парламент нь хэлэлцээд дууссаныхаа дараа мөнгөнийхөө бодлогыг хэлэлцдэг. Тэгээд тэр нь бол ерөнхийдөө зарим улс орнууд бол ямар туршлагатай байна вэ гэхээр зэрэг Монголбанк, Төв банк болон Сангийн яамны уялдаа холбоо, тэр зангилааг нь Их Хурал дээрээ Эдийн засгийн байнгын хороо нь базаад зангидаад явдаг юм билээ.
|
Из за большого объема этот материал размещен на нескольких страницах:
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 |


