Ерөнхий нарийн бичгийн даргад хэлэхдээ хурал дээр дэгд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай асуудал тэртээ тэргүй Улсын Их Хурлын гишүүдийн асуудал. Энэ байж болно. Ийм тогтоолтой тогтоолгүйгээр. Одоо бид нар шийдээгүй байгаа. Цаашдаа явж байгаад магадгүй одоо Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт зарим талаар орох байдаг юм уу бусад нөхцөл байдал, эрх зүйн орчны нөхцөл байдал, өөрчлөлтөөс болоод дэгийг бүхэл нь шинэчлэх шаардлага гарвал ийм тогтоол гарсан байх шаардлагатай юм билээ.
Тэгэхээр ийм юм гараагүй байвал аягүй бол сүүлд нь анхдугаар чуулганаар ийм тогтоол гараагүй гээд шинэчилсэн найруулга хийх боломж хаагдчих магадлалтай байсан юм. Тийм учраас ийм хоёр заалттай оруулж байгаа юм.
Зүгээр дангаар нь шинэчлэн батлах нь зүйтэй, үзсэн гэсэн бол бид нар заавал шинэчилсэн найруулгаар батлах ийм юм тулж байгаа юм. Тэр нь дараа нь хэрэггүй ч байж магадгүй.
М. Энхболд: - Ц. Нямдорж гишүүн.
Ц. Нямдорж: - Үгүй яах вэ энэ нэг ажлын хэсэг энэ тэр байгуулах, даргад захирамж гарч болох л юм. Энэ дээр үед нэг Их Хурлын хууль мөрдөгдөж байгаад намайг Их Хурлын дарга байхад нэг бүхэлд нь шинэчилж баталсан юм. Тэгээд Үндсэн хуулийн цэц нэг дүгнэлт гаргаад дэг нь тусдаа хуулиар зохицуулагдах ёстой гэсэн нэг дүгнэлт гараад тэгээд тэр хуулийг хоёр салгаж одоогийн энэ мөрдөж байгаа юмыг л хийчихсэн юм л даа.
Тэрнээс хойш 2008 оны Их Хурал, 2012 оны их хурал нэг баахан өөрчлөлтүүд энэ Их Хурлын хууль, дэгийн хуульд оруулаад л учир зүйн нь үл ойлгогдох юмнууд зөндөө хийсэн. Одоо саяын жишээ нь энэ Н. Энхболд даргын уншиж байгаа хуулийн энэ заалт бол ямар ч утгагүй заалт шүү дээ. Ямар ч агуулга байхгүй. Аль ч үеийн Их Хурал нэг л дэгтэй байдаг болохоос биш Их Хурал байгуулагдах болгонд л царцаа шиг өөр өөр дэг гаргаад байна гэж байхгүй шүү дээ. Ийм ийм юмнууд байгаа учраас энэ Их Хурлын хууль, хуралдааны дэгийн хууль хоёрыг нэг авч үзэж санал боловсруулах ажлын хэсэг байгуулаад энэ бүхэлд нь цаашаа авч үзэж энэ Их Хурлынхаа үйл ажиллагааг юмыг нэг эцэслэн тогтох хэрэгтэй байгаа юм.
Ер нь энэ нэг буруу зөрүү хууль гаргах, цаг нь болоогүй хууль гаргах, дутуу хууль гаргах гэх мэтийн юмнууд чинь энэ төрийн ажлыг тогтворгүй болгоод байгаа юм чинь л энэ шүү дээ. Одоо энэ Ашиг сонирхлын зөрчлийн хууль гээд нэг хачин юм гаргаад хаячихсан. Энийг чинь дагасан хичнээн самуун явдал болж байна. Сонгуулийн хуулиуд гээд баахан бужигнуулаад хаясан. Баасан цэцийн дүгнэлт гарч байгаад сонгууль тулж ирээд л тойрог байгуулаад л юу болов гэх мэтээр.
Энэ шүүх, хууль хяналтын байгууллагуудын хуулийг бүтэн 4 жил самарлаа. 4 жил Үндсэн хуулийн бус шүүхээр хэрэг тасалж байж сая нэг юм зохион байгуулалтад орж байна шүү дээ. Ийм хортой үр дагаврууд байдаг учраас энэ хууль номын асуудалд маань Их Хурал ер нь их тогтуун холын ухаантай л хандмаар байгаа юм даа.
Тийм учраас би энэ тогтоол батлах нь хаашаа байдаг юм мэдэхгүй. Угаасаа наад хуулийн чинь заалт ямар ч агуулгагүй асуудал шүү дээ. Тэртээ тэргүй дэгийн хуулиар тэрүүгээрээ явдаг. Өөрчлөх шаардлага гарвал шинэ хууль өргөн мэдүүлээд хуучин хуулийг хүчингүй болгоод явдаг дэгтэй шүү дээ. Дэгийн хууль нь байж байхад тэрэнд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзсүгэй гэж тэрнээс хүч муутай тогтоол гаргана гэж ямар юм байх вэ дээ.
Энэ хууль ном их ярьдаг мөртлөө бичдэг улс ийм л юм хийдэг юм л даа. Тэгээд би зүгээр дарга захирамж гаргаад ажлын хэсэг байгуулахыг нь дэмжиж байна. Наад тогтоол чинь бол ямар ч хэрэггүй эд байна даа. Хууль өөрчлөх нь зүйтэй гэсэн тогтоол гаргана гэж ямар юм байх вэ. Байхгүй шүү дээ.
Би Н. Энхболд гишүүнээс хариулт нэхэмгүй байна. Яагаад вэ гэхээр одоо мөрдөж байгаа хуулийн чинь заалт нь өөрөө утгагүй учраас би тэрэнтэй чинь холбогдуулж юм ярьж байна.
М. Энхболд: - За Н. Энхболд гишүүн.
Н. Энхболд: - Нямдорж даргын хэлж байгаа үнэн. 2012 онд энэ өөрчлөлт орчихсон юм. Тийм жаахан утга муутай заалт байгаа юм. Тэгэхдээ энийг ингээд орчихвол саяын Ц. Нямдоржийн ярьж байгаа тэр дэгээ шинэчлэх асуудал бас хийгдэхгүй болчихож байгаа юм. Яагаад гэвэл одоо хүчин төгөлдөр байгаа хуулиараа ийм юм гарч байж дараа нь тэрний дагуу Улсын Их Хурлын дарга ажлын хэсэг байгуулж байж тэгээд шинэчилсэн найруулга хийх юм билээ.
Сүүлд нь нэг нь аягүй бол анхдугаар чуулганаар та нар тийм тогтоол гаргаагүй байсан учраас саяын Ц. Нямдорж даргын ярьж байгаа тэр шинэчилсэн найруулга гэдэг юмыг хийх боломжгүй гэж суучих ийм хувилбар бас байгаа юм. Тийм учраас Байнгын хороон дээр ярьж байгаад зориуд ийм тогтоол гаргаж байгаа юм. Ийм юм гаргахгүй бол тэр нөгөө нэг мөсөн сайн ярилцаад, нэг мөсөн сайн дэгийн хуультай болох тухай асуудал нь бас одоогийн хуулиараа хаагдчих ийм л учиртай юм билээ.
Тэгэхээр энийг нь зүгээр батлаад л, одоогийн хуульд нь нийцүүлж батлаад дараа нь Улсын Их Хурлын дарга ажлын хэсэг байгуулаад тэндээ тодорхой чиг үүрэг өгөөд шинэчилсэн найруулгаа хийх боломж нь нээгдэж байгаа юм.
М. Энхболд: - Гишүүд 94.0 хувийн саналаар дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах юм уу, эсвэл шинэчилсэн найруулга хийх нь зүйтэй гээд үзчихсэн шүү дээ. Тийм учраас энэ 94.0 хувийн саналаар ингэж үзсэн учраас энийг нь одоо баталгаажуулаад тогтоол гаргачихад нэг их зөрчилдөх зүйл байхгүй байх.
Одоо дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах, тэр миний захирамжаар байгуулагдах ажлын хэсэг өөрчлөлт оруулахдаа анхдугаар чуулганаар дэгийг өөрчлөх, шинэчлэх энэ юмыг хийнэ гэсэн зүйлийг бараг авчихмаар л юм шиг байгаа юм. Тэгээд Их Хурал бол аль ч хууль тогтоомжид өөрчлөлт оруулах эрх нь хэзээд байж байдаг шүү дээ. Одоо бол анхдугаар чуулганаар нэмэлт, өөрчлөлт юм уу, одоо шинэчилсэн найруулга хийнэ гэсэн учраас сүүлд нь анхдугаар чуулганаас өөр чуулганаар хийж болохгүй юм шиг ойлголт нөгөө талд нь байгаад байгаа байхгүй юу. Тийм учраас энэ удаадаа бол энэ тогтоолыг нь ингээд баталчихъя. Цаашдаа бол ажлын хэсэг анхаарна байх гэж ингэж ойлгоод эцсийн найруулга сонслоо гээд тогтоолоо баталчих уу. За ингээд энэ саяын миний уншсан тогтоолын эцсийн найруулгыг сонслоо гэж тооцлоо.
За ингээд өнөөдрийн чуулганаар хэлэлцэх ёстой асуудлуудаа хэлэлцэж дууслаа. Өнөөдрийн хуралдаан үүгээр өндөрлөж байна. Гишүүд сайхан амарцгаагаарай.
Чуулганы нэгдсэн хуралдаан 6 цаг 16 минут үргэлжилж, 03 цаг 09 минутад өндөрлөв.
Дууны бичлэгээс буулгасан:
ПРОТОКОЛЫН АЛБАНЫ
ШИНЖЭЭЧ Ц. АЛТАН-ОД
|
Из за большого объема этот материал размещен на нескольких страницах:
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 |


