Байнгын хорооны саналаар Содномдаржаагийн Даваасүрэнг Санхүүгийн зохицуулах хорооны даргаар томилох саналыг дэмжье гэсэн томьёоллоор санал хураая. Санал хураалт явагдаж байна.
54 гишүүн санал хураалтад оролцож, 48 гишүүн зөвшөөрч, 88.9 хувиар дэмжигдлээ.
Чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 2 дугаар хэсэгт заагдсаны дагуу олонхи нь томилох саналыг дэмжсэн бол энэ тогтоол батлагдсанд тооцно гэж заасан. Ингээд Санхүүгийн зохицуулах хорооны даргыг томилох тухай Улсын Их Хурлын тогтоол батлагдсан тооцож байна.
Одоо Санхүүгийн зохицуулах хорооны даргын томилох тогтоолын эцсийн найруулгыг та бүхэнд танилцуулъя.
Санхүүгийн зохицуулах хорооны даргыг томилох тухай.
Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Содномдаржаагийн Даваасүрэнг Санхүүгийн зохицуулах хорооны даргаар томилсугай.
Энэ тогтоолыг 2016 оны 7 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
Эцсийн найруулга дээр саналтай гишүүн байна уу? Эцсийн найруулгыг сонслоо.
Санхүүгийн зохицуулах хорооны даргаар сонгогдсон С. Даваасүрэнд баяр хүргэж, ажлын амжилт хүсэн ерөөе. /алга ташив/
Дараагийн асуудалд оръё. Санхүүгийн зохицуулах хорооны гишүүнийг томилох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэнэ. Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвшигчийн талаар гаргасан Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн З. Нарантуяа танилцуулна. З. Нарантуяа гишүүнийг индэрт урьж байна.
З. Нарантуяа: - Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ,
Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2, 11.3 дахь хэсэг, 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт заасны дагуу Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнийг чөлөөлж, томилох асуудлыг Эдийн засгийн байнгын хороо 2016 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн хуралдаанаар хэлэлцлээ.
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүн Эрдэнэбилэгийн Батболдын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсонтой холбогдуулан Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэгт заасны дагуу Эдийн засгийн байнгын хорооноос Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд Дэмбэрэлдашийн Баярсайханыг нэр дэвшүүлснийг тус Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэй дэмжлээ.
Д. Баярсайхан нь 1975 онд төрсөн. 1993-1997 онд Монгол Улсын Их Сургуулийн Эдийн засгийн сургуулийг эдийн засагч, санхүүч мэргэжлээр төгсөж, 2002-2004 онд Америкийн Нэгдсэн Улсын Индианагийн их сургуульд төрийн санхүүгийн удирдлагаар мастер хамгаалжээ. Америкийн Нэгдсэн Улс, Итали, Люксембург зэрэг орнуудад мэргэшил дээшлүүлсэн байна.
1997-1998 онд Сангийн яамны Бүтцийн өөрчлөлт, өмчийн хэлтэст мэргэжилтэн, 1998-2002 онд “Түмэн-Аюуш” хувьцаат компанид захирал, 2005-2012 онд Тогтвортой амьжиргаа төслийн зохицуулагч, 2012 оноос Бичил санхүүгийн хөгжлийн сангийн гүйцэтгэх захирлаар тус тус ажиллаж иржээ.
Д. Баярсайхан нь Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаж байгаа болно.
Хэлэлцүүлгийн явцад Улсын Их Хурлын гишүүн З. Нарантуяа бичил санхүүгийн хөгжлийн сангийн хөрөнгийг санхүүжилт шаардлагатай байгаа бичил санхүүгийн байгууллагын үйл ажиллагааг дэмжихэд зарцуулж, зээлийн нөхцөлийг нягталж үзэх зэрэг саналыг гаргаж байсан болно.
Нэр дэвшигчийн талаарх танилцуулга, анкет, тогтоолын төсөл, холбогдох бусад материалыг Та бүхэнд тараасан байгаа.
Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвшүүлэх асуудлаар Эдийн засгийн байнгын хорооноос гаргасан санал, дүгнэлтийг хэлэлцэн шийдвэрлэж, тогтоолын төслийг баталж өгөхийг Та бүхнээс хүсье.
Анхаарал тавьсанд баярлалаа.
М. Энхболд: - З. Нарантуяа гишүүнд баярлалаа. Байнгын хорооны санал, дүгнэлт болон нэр дэвшигчээс асуулттай гишүүн байна уу? Алга байна. За Б. Жавхлан гишүүн байна. Б. Жавхлан гишүүнээр тасаллаа. Б. Жавхлан гишүүнд микрофон өгье.
Б. Жавхлан: - За ингээд өнөөдрөөр Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн 3 гишүүн томилогдож дууслаа. Тийм учраас энэ 3 хүн маань маргаашийн дотор яаралтай анхныхаа зөвлөлдөх уулзалтыг хийгээд олон нийт, энэ бизнесийн салбарт одоо мэдэгдэл, мэдээлэл өгөх хэрэгтэй.
Гадаад худалдааны баланс, төлбөрийн тэнцэл агшсан байгаа. Бүр хоёр гурван жилийн өмнөхтэй харьцуулах юм бол бүр хоёр дахин агшсан байгаа. Энийгээ дагаад одоо манай макро эдийн засгийн параметрийн үзүүлэлтүүд бүгдээрээ агшсан байгаа.
За энэ дээр валютын ханшийг хүмүүс их ярьдаг юм. Валютын ханш дээр Монголбанкны оролцоо цаад утгаараа, цаад агуулгаар бол оролцоо багатай байдаг. Ханшийн огцом хөдөлгөөн дээр л оролцдог ийм институци. Энэ төлбөрийн тэнцэл, гадаад худалдааны энэ асуудлыг бол Засгийн газрын ажил байдаг л даа.
Тэгэхээр энэ дээр одоо валютын ханшид нөлөөлөх тийм эдийн засгийн шалтгаан бол харьцангуй бага байгаа. Эдийн засаг маань өөрөө агшчихсан байгаа учраас. Импорт ер нь бараг 3 дахин багассан. Гадаад худалдаа маань өөрөө ингээд нэлээд царцчихсан ийм үед.
Энэ үед бид эндээс гаргаж байгаа мэдэгдлүүд маш хариуцлагатай байх ёстой. Одоо энэ долларын. Ганц америк доллар биш энэ ер нь гадаад валютын хөдөлгөөн дээр энэ хүлээлтийн шок гэж байдаг. Хүлээлтийн менежмент гэж байдаг. Төв банк, Засгийн газар энэ хүлээлтийн менежментийг их зөв явуулах хэрэгтэй. Энэ Төв банкны бодлогын хэрэгслүүдээс гадна энэ хүлээлтийн менежментийг зөв удирдах гэдэг асар том ийм бодлого байдаг.
Тийм учраас одоо байгаа хүлээж авсан төлбөрийн баланс, гадаад худалдааны энэ тэнцэл, энэ дээрээ үндэслээд ойрын хугацаанд Төв банкнаас Засгийн газраас авч хэрэгжүүлэх бодлого, алхмуудаа их зөв тодорхойлсон, за ийм ийм зүйлүүдийг, арга хэмжээнүүдийг яаралтай авч хэрэгжүүлнэ гэдгийгээ танилцуулсан ийм мэдэгдлийг ойрын хугацаанд Засгийн газар, Төв банк, Санхүүгийн зохицуулах хороо энэ гурав одоо хамтарч хийх ёстой гэж би бодож байна. Зүгээр ийм ерөнхий зүйл хэлэх гэсэн юм. Баярлалаа.
М. Энхболд: - Б. Жавхлан гишүүн үг хэллээ. Гишүүд асуултаа асууж, хариулт авч дууслаа. Одоо үг хэлэх гишүүн байна уу? Алга байна. Гишүүд үг хэлж дууслаа. Одоо Байнгын хорооны саналаар эхлээд чөлөөлөх саналыг нь хураана.
Эрдэнэбилэгийн Батболдыг Санхүүгийн зохицуулах зохицуулах хорооны орон тооны гишүүний үүрэгт ажлаас чөлөөлөх саналыг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулъя. Санал хураалт.
54 гишүүн оролцож, 52 гишүүн дэмжиж, 96.3 хувийн саналаар дэмжигдлээ.
Дэгийн тухай хуулийн 45.2 дугаарт заасны дагуу гишүүдийн олонхи нь чөлөөлөх саналыг дэмжсэн бол энэ тогтоол батлагдсанд тооцно гэж байгаа. Ингээд Санхүүгийн зохицуулах хорооны гишүүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай тогтоол батлагдсанд тооцож байна.
Одоо томилох тухай санал хураалт явагдана. Байнгын хорооноос гаргасан саналаар Дэмбэрэлдашийн Баярсайханыг Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнээр томилох саналыг дэмжье гэсэн томьёоллоор санал хураалт явуулъя.
54 гишүүн оролцож, 52 гишүүн дэмжиж, 96.3 хувийн саналаар санал дэмжигдлээ.
Дэгийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 2 дугаарт заагдсаны дагуу гишүүдийн олонхи нь томилох саналыг дэмжсэн бол энэ тухай тогтоол батлагдсанд тооцно гэж заасан. Ингээд Санхүүгийн зохицуулах хорооны гишүүнийг томилох тухай Улсын Их Хурлын тогтоол батлагдсанд тооцлоо.
Одоо би та бүхэн эцсийн найруулгыг танилцуулъя.
Санхүүгийн зохицуулах хорооны гишүүний үүрэгт ажлаас чөлөөлөх тухай.
Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1 дэх заалт, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Нэг. Эрдэнэбилэгийн Батболдыг Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүний үүрэгт ажлаас чөлөөлсүгэй.
Энэ тогтоолыг 2016 оны 7 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
Эцсийн найруулга дээр саналтай гишүүн байна уу? Байхгүй байна.
Дараагийн тогтоол. Эцсийн найруулгыг сонсгоё.
Санхүүгийн зохицуулах хорооны гишүүнийг томилох тухай.
|
Из за большого объема этот материал размещен на нескольких страницах:
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 |


