Одоо Монгол Улсын Засгийн газрын гишүүн – Барилга, хот байгуулалтын сайдад нэр дэвшигчийг хэлэлцэнэ. Нэр дэвшигчийн талаар Эдийн засгийн байнгын хорооноос гаргасан санал, дүгнэлтийг Байнгын хорооны дарга, Улсын Их Хурлын гишүүн Д. Тэрбишдагва танилцуулна. Д. Тэрбишдагва даргыг индэрт урьж байна.

Эдийн засгийн байнгын хорооны дүгнэлт бичигдэж арай тараагүй байгаа юм байна. Түр хойшлуулъя. Байнгын хорооны ажлын алба материалаа бэлдэж байна.

Монгол Улсын Засгийн газрын гишүүн – Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдыг томилох тухай асуудал

Одоо Монгол Улсын Засгийн газрын гишүүн - Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад нэр дэвшигчийг хэлэлцье. Нэр дэвшигчийн талаар гаргасан Эдийн засаг болон Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хамтарсан санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Я. Содбаатар танилцуулна. Я. Содбаатар гишүүнийг индэрт урьж байна.

Я. Содбаатар: - Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ,

Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан бүрэн эрхийнхээ дагуу Монгол Улсын Ерөнхий сайд Ж. Эрдэнэбатаас Пүрэвийн Сэргэлэнг Монгол Улсын Засгийн газрын гишүүн - Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар томилуулах саналыг Улсын Их Хуралд 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдөр өргөн мэдүүллээ.

НЕ нашли? Не то? Что вы ищете?

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.6 дахь заалт, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.6 дахь хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газрын гишүүн - Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдыг томилуулах тухай асуудлыг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн болон Эдийн засгийн байнгын хорооны 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн хамтарсан хуралдаанаар хэлэлцлээ.

Байнгын хорооны хуралдаанд нэр дэвшигчийн талаархи танилцуулгыг Ерөнхий сайд Ж. Эрдэнэбат танилцуулж, гишүүд нэр дэвшигчээс асуулт асууж, хариулт авсан болно.

Улсын Их Хурлын гишүүн Х. Баделхан хөдөө орон нутагт малчдын амьжиргааг дээшлүүлэх талаар, Улсын Их Хурлын гишүүн Х. Болорчулуун улаан буудай, төмс, хүнсний ногоогоор дотоодын хэрэгцээг хангаж, цаашид экспортод гаргах, хөнгөн үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлд анхаарч ажиллах, Улсын Их Хурлын гишүүн А. Сүхбат газар тариалан, мал аж ахуйн салбарт ажиллаж байгаа тариаланч, малчдын эрх ашгийг хамгаалж ажиллах, Улсын Их Хурлын гишүүн Б. Батзориг Улсын Их Хурлаас баталсан Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлж, Монгол мал, Атрын III аян хөтөлбөрийг үргэлжлүүлэх, тариалангийн газрыг эргэлтэд бүрэн оруулах, газар тариалангийн бүтээгдэхүүн болон мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний үнийн асуудал дээр анхаарч, экспортын баримжаатай хөгжүүлж, салбарын эрдэмтдийн саналыг сонсож, хамтарч ажиллах талаар, Улсын Их Хурлын гишүүн Я. Содбаатар малын гаралтай түүхий эдийг боловсруулах, үнийг тогтворжуулж, малчдын нийгмийн асуудалд анхаарах, бэлчээрийн болон тусгай хамгаалалттай газрын талаар ажлын хэсэг байгуулж, уг асуудлыг цэгцлэх, Улсын Их Хурлын гишүүн Д. Сумъяабазар дотоодын боловсруулах үйлдвэрлэлийг дэмжиж кластераар хөгжүүлэх, дотоодын бүтээгдэхүүний худалдан авалтыг дэмжих, хөдөө аж ахуйн хоршоологчдын холбоог дэмжиж, хамтран ажиллах нь зүйтэй гэсэн саналуудыг тус тус гаргав.

Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи Пүрэвийн Сэргэлэнг Монгол Улсын Засгийн газрын гишүүн - Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар томилуулахыг дэмжсэн болно.

Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ,

Монгол Улсын Засгийн гишүүн - Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдыг томилох тухай асуудлаар Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос гаргасан санал, дүгнэлтийг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг Та бүхнээс хүсье.

Анхаарал тавьсанд баярлалаа.

М. Энхболд: - За баярлалаа. Байнгын хорооны санал, дүгнэлт болон Ерөнхий сайд, нэр дэвшигчээс асуулт асууж, үг хэлэх гишүүд байвал нэрсээ өгье.

Н. Цэрэнбат гишүүнээр нэр тасаллаа. Г. Тэмүүлэн гишүүн асуултаа асууя, үг хэлье. Асуулт асууж үг хэлэх хамтдаа 5 минут байгаа.

Г. Тэмүүлэн: - Та бүхэнд бас энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгээд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад нэр дэвшигчийг зарчмын хувьд дэмжиж байна. Хөдөө аж ахуйн салбарт бас ажиллаж байсан, малаа мэддэг, малчдынхаа өмнө тулгарч байгаа асуудлыг бас мэддэг ийм хүн нэр дэвшиж байна гэж харж байгаа. Тэгээд өндөр үүрэг хариуцлага бол таны бас нуруун дээр ирэх нь. Танай яамны бас одоо ирэх 4 жилийн хийж бүтээх ажил ихээхэн байх нь гэдгийг та бүхэн бас ойлгох хэрэгтэй байх.

Зөвхөн өнөөдөр энд сууж байгаа, ард түмнийг төлөөлж байгаа 76 гишүүний маань 48 нь бол хөдөө орон нутгаас нэр дэвшиж гарч ирсэн гишүүд байгаад байгаа. Энэ 48 гишүүний ард байгаа хөдөөгийн маань нийт ард түмний маань одоо хүлээлтийг бол биелүүлэх үүрэг хариуцлага танд болоод танай яамны өмнө тулгарах нь гэдгийг Та бүхэн маань бас ойлгох хэрэгтэй байх.

Ард түмэн маань ирэх 4 жилийн хугацаанд гагцхүү үр дүнг хүлээж байгаа. Энэ хүлээлтийг биелүүлэх Монгол Ардын Намаас дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийг хийж хэрэгжүүлэх шаардлага байгаа. Малчин түмэн маань мал, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн маань хэзээ үнэтэй болох вэ гэдгийг хүлээж байгаа. Хэзээ ажилтай, орлоготой болох вэ гэдгийг хүлээж байгаа. Аж амьдрал маань хэзээ сайжрах вэ гэдгийг хүлээж байгаа.

Тэгэхээр ирэх 4 жилийн хугацаанд энэ хөдөө аж ахуйн салбарт, тэр дундаа мал аж ахуйн салбарыг тэргүүлэх гэж байгаа хүний хувьд танд бас тодорхой саналыг хэлье гэж бодож байна. Монгол Улсын хувьд хөгжлийн гарц маань яах аргагүй мал аж ахуй, газар тариалан. Тэр дундаа хөдөө аж ахуй маань байгаа. Тиймээс энэ хоёр салбараа онцгойлон үзэж урьд өмнө явж ирснээс илүү өөрөөр, илүү шинэлэг байдлаар бид бүхэн бас асуудалд хандаж түлхүү хөгжүүлэх шаардлага байгаад байгаа.

Өнөөдөр мал аж ахуйтай холбогдуулаад бид бүхэн үнэгүйдлээс хамгаалагдсан мал аж ахуйг бид бүхэн хэрхэн бий болгох вэ гэдэг асуудлыг анхаарах ёстой байгаад байгаа. Малыг хэрхэн үнэтэй болгох вэ, түүхий эдийг хэрхэн үнэгүйдлээс хамгаалах вэ гэдэг асуудлыг онцгойлон анхаарах хэрэгтэй байгаад байна.

Яг үүнтэй холбогдуулж би танд бас нэг тодорхой 5 саналыг хэлэх гээд байгаа юм. Нэгдүгээрт, энэ малын үүлдэр угсааг сайжруулах тал дээр та бас онцгой анхаараарай. Танай яамны зүгээс. Малын тооноос илүү чанарыг эрхэмлэх шаардлага болсон байгаад байгаа. 20 гаруй жилийн өмнө бид бүхэн бас 20 гаруй сая малтай байсан. Өнөөдөр 56 сая малтай болсон байгаад байна.

Эргээд энэ бэлчээрийн даацаа бодсон ч гэсэн бид нар энэ малынхаа тооноос илүү чанартаа бас илүү анхаарах шаардлага байгаад байна. Техник, технологийн дэвшлийг энэ үүлдэр угсааг сайжруулах ажил дээр бас онцгой анхаарах шаардлагатай байгаад байгаа. Малын чанарын сайжруулах, ферм бэлчээрийн хоршсон мал, монгол мал хөтөлбөрийг эрчимжүүлэхэд бас анхаарах шаардлагатай байгаад байгаа.

Хоёр дахь том асуудал маань бол энэ малыг эрүүлжүүлэх, вакцинжуулах асуудал байгаад байгаа. Эргээд бид бүгдийн маань идэж байгаа хоол хүнс, хувь хүн өөрөө эрүүл байхын үндэс маань бол бас энэ идэж байгаа, ууж байгаа зүйл маань эрүүл байх асуудал байгаад байгаа. Тэгэхээр бид нар бас энэ талаас нь бодоод аваад үзсэн ч гэсэн тодорхой нэг аймгийн хэмжээнд өнгөрсөн 2015 онд гээд аваад үзэхэд 100 гаруй мянган мал өнгөрсөн жилийн хугацаанд хорогдуулсан тийм жишээ байгаад байна. Зарим сумдуудад гээд аваад үзэхэд 10 гаруй мянган малаа алддаг тийм жишээ байгаад байгаа.

Тэгэхээр энэ дээр бол та бас онцгой анхаараарай. Мах экспортолно гэж бид бүхэн бас их олон жил ярилаа. Монгол мал, эргээд бас монгол малыг экспортлох, махыг экспортлох гээд хил дээр аваачаад үзэхээр эргээд танайд монголын мал эрүүл үү, тухайн тэр хавар намарт нь ийм ийм вакцинуудыг хийсэн үү гэдэг асуудал хөндөгддөг. Яг л ярьж байгаа, асууж байгаа асуудал болгон нь өмнө нь хийж байсан нөгөө нэг хаврын 13, намрын 8 гэдэг төлөвлөгөөт ажлуудыг асуугаад байгаа юм.

Тэгэхээр энэ дээр төр засгийн зүгээс бас бодлогоор дэмжиж, эргээд энэ монгол малыг эрүүлжүүлэх, вакцинжуулах асуудал дээр бас онцгой анхаараарай. Биокомбинат гэдэг үйлдвэр бол өнөөдөр бас дампуурлынхаа ирмэг дээр хүрсэн байна.

Из за большого объема этот материал размещен на нескольких страницах:
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41